ХОВД АЙМГИЙН ЧАНДМАНЬ СУМЫН ТАХИЛТ БАГИЙН МАЛЧИН Б. ГАЛБАДРАХ АЙМГИЙН АВАРГА МАЛЧНЫ ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА

  Тийн урвуулагч хэмээх сар шинийн босгон дээр Чандмань сумын хөдөлмөрч ард иргэд Улсын аварга малчин нэг, аймгийн аварга малчин тавыг өлгийдөн авч байна. Тэгвэл аймгийн аварга малчидын нэгээр тус сумын Тахилт багийн малчин Б.Галбадрах тодорсон юм. Тэрээр өвөг дээдсийн бахдам их амжилтыг өвлөн авч мал аж ахуйн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж яваа малч удмын олон аваргуудын залгамж халаа болсон нэгэн. Буянт мал сүргээ өсгөн тоо толгойг нь 1000-д хүргэсэн, хоёр өрхийг малжуулж, сум орон нутгийнхаа томоохон ажилуудад хөрөнгө оруулалт хийсэн зэрэг олон үзүүлэлтээр аймгийн аварга малчины болзолыг ийнхүү хангажээ.Эцэг эхийн сургаал, сургамжаар хүний амьдралын өнгө тодорхойлогддог хэмээдэг. Тиймдээ ч шинэхэн аваргын ах нар аймгийн аварга малчид төдийгүй түүний гэргийн аав улсын хошой аварга малчин гэх хүндтэй алдарын эзэд аж. Төр түмнийхээ хайр ивээлийг хүлээн, буянт сүргийнхээ шимийг хүртэж яваа энэ хот айл удахгүй хөдөлмөрийн дээд шагналын эзэд болох өлзий дэмбэрэлтэй ерөөлөөр ирсэн зочид гийчид аваргын алдрыг мялааж байлаа.
Бэлтгэсэн: Б. Оюунжаргал




Сэтгэгдэл ( 0)