МАЛ АЖ АХУЙН ӨВӨЛЖИЛТ,ХАВАРЖИЛТ ХҮНДЭРЧ БОЛЗОШГҮЙ БАЙНА
Энэ оны 2 сарын 11-ны байдлаар нийт сумдын нутгаар цас 2-5 удаа орсон байна. Өнөөдрийн байдлаар нийт сумдын цасны зузаан 2-5 см, уулархаг газар, хонгорлож тогтсон газраа 10-20 см цасан бүрхүүл тогтоод байна. Сүүлийн саруудад хүйтний эрч сулрахгүй байгаагаас өндөр уулын бүсийн сумд болох Мөст, Мөнххайрхан, Дуут, Манхан, Зэрэг сумдад цаг үеийн байдал хүндрэх төлөвтэй байна. Дээрх сумдад ямаа хээл хаях, борлон, хорогдох, адуу сарлаг өлдөж хорогдох явдал гарч байна. Мал аж ахуйн өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа энэ үед аймгийн онцгой комисс хуралдаж 2 дахь удаагаа аймгийн нөөцөөс сумдад өвс тэжээл хувиарлаад байна. Уг ажлыг зохион байгуулахдаа 1 прэс өвсийг 50 хувь хямдруулж 3000 төгрөгөөр, тэжээлийг 27500 төгрөгнөөс хямдруулаад 19250 төгрөгөөр олгоод байна. Харин тухайн сумд тээврийн зардлаа шингээгээд хямдралтай үнээр малчдад аймгийн нөөцийн өвс тэжээлийг олгож эхлээд байна.
Энэ жил манай аймагт 3 сая 140 гаруй мянган мал өвөлжиж байна. Малчдын бэлтгэсэн өвс хадлан оройтсон бороонд норж харлан чанар байдлаа алдсан, зах зээлд борлуулж буй өвс тэжээл өндөр үнэтэй байгаа нь малчдын хувьд тулгамдсан асуудал болж байна. Малын хэвтэр бууц хөлдөх, бэлчээрийн даац хүрэлцээгүй байгаагаас мал сүрэг бэлчээрлэж идэш тэжээл олж идэж чадахгүй байна. Иймд цаашид улсын нөөцийн өвс тэжээлийг өвөлжилт хүндэрч болзошгүй сумдад хувиарлан хүргүүлж ажиллах шаардлагатайгаас гадна, зудын хүндрэлээс урьдчилан сэргийлэх талаар мэдээ мэдээллийг малчид ард иргэдэд цаг алдахгүй хүргэхэд анхаарч ажиллах нь чухал байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ
Бэлтгэсэн: Админ-Эссэ
Сэтгэгдэл ( 0)