ЖАНГАР ДУУЛАЛТ ЖҮЖИГ ЭНЭ САРЫН 27-НЫ ӨДӨР НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

  Ховд аймгийн ХДТ-ын уран бүтээлчид хөдөө орон нутагт анх удаагаа Жангар туульс дуулалт жүжгийг тайзны бүтээл болгохоор бэлтгэл сургалтаа хангаад байна. Тус театрын уран бүтээлчид ойрын өдрүүдэд тун завгүй байгаагаа хэллээ. Жангар туульсад гардаг баатруудын эрэмгий дайчин байдал, хүний мөн чанар гээд тухайн үеийн нөхцөл байдлыг тус жүжгээр тод томруунаар харуулахыг зорьжээ. Жүжиг нь 7 үзэгдлээс бүрдэж байгаа учраас ажиллагаа ихтэйгээс гадна судалгааны ажлууд ч чанбай хийгджээ. Жүжгийн ерөнхий найруулагчаар МУСТА, ХДТ-ын дарга С.Ариунжаргал ажиллаж байна.

Тайзны бүтээлийг үзэгчдэд хүргэхэд нийт уран бүтээлчдийн тэсвэр тэвчээр, ур чадвараас гадна материаллаг баазаар хангах асуудал чухал байдаг. Ялангуяа хөдөө орон нутгийн театруудын тухайд төсөв мөнгө муу байдаг хэдий ч дотоод нөөц бололцоондоо тулгуурлан томоохон тайзны бүтээлүүдийг хийсээр ирсэн нь бахархалтай байна. Жангар дуулалт жүжигт оролцон тоглож байгаа уран бүтээлчид бүр өөр өөрийн гэсэн дүрийг бүтээж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой юм. Хамгийн гол нь Жангар туульс жүжгийг тайзны бүтээл болгохдоо ямар нэгэн хэтрүүлгийн арга, эсвэл орчин үетэй холбохгүйгээр тухайн үеийн нөхцөл байдлыг натурар нь харуулж байгаа нь чухал юм. Эрт цагаас уламжлагдан ирсэн биет болон биет бус өв зарим нэг нь устаж, мартагдаж буй энэ үед соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, ард түмэнд сурталчлан таниулах, үр хойчдоо өвлүүлэн үлдээх зорилгоор энэ жүжгийг сонгон авч бүтээл болгож байна гэлээ. Жангар туульс дуулалт жүжиг энэ сарын 27-ны өдөр Ховд аймгийн ХДТ-ын тайзнаа амилна.
Бэлтгэсэн: Н. Таванцэцэг




Сэтгэгдэл ( 0)