ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Б. ДҮГЭРЖАВЫН ИВЭЭЛ ДОР ОЛОН УЛСЫН ХОВД АЙТИС-2019 ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

  Ховд аймгийн Засаг дарга Б. Дүгэржавын ивээл дор зохион байгуулагдаж байгаа Олон улсын Ховд Айтис-2019 тэмцээн өнөөдөр Ховд хотод болж байна. Казак түмний нарны баярыг угтан зохион байгуулдаг тус тэмцээнийг Ховд аймгийнхаа хэмжээнд зохион байгуулдаг байсан бол энэ жилийн тухайд аймгийн Засаг даргын ивээл дор ОУ-ын тэмцээн болгон зохион байгуулж байгаагаараа онцлог болж байна.
Тус тэмцээнд Казакстан улс, Баян-Өлгий аймаг, Ховд аймгийн 30-аад оролцогч оролцож байна.

Аливаа нэг баяр ёслолын үед Казахууд “айтыс” буюу харилцаа дууны тэмцээн зохиодог. “Айтыс” гэдэг нь казак үндэстний урлаг, уран зохиолын онцгой нэгэн төрөл буюу ардын яруу найргийн төрөлд багтдаг байна.
Уг тэмцээнд оролцогсод урьдчилан ямар нэгэн бэлтгэл хийхгүй ба тухайн байдал, баяр ёслолын агуулгад тааруулан санаанаасаа зохиож домбордож дуулдагаараа онцлогтой. Хоёр хүн суугаад тэр дороо шүлгээ зохиож аянд оруулан домбороор тоглодог байна.
Үгийн уран сонголт, утгын найруулга, уран цэцэн байж, хөгөө тааруулж чадваас тэмцээний ялагч болох боломжтой ажээ.
Олон зуун жилийн туршид нарны баяр НАУРЫЗ-ын баярыг тэмдэглэн ирсэн казак ард түмний баярын нэгэн хэсгийг харилцаа дууны тэмцээнгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ.
Наурыз-ын баярын хүрээнд оюутнуудын дунд Дэвжээ тэмцээн, Хүүхдийн домборын "Күй" тэмцээн, Сагсан бөмбөгийн тэмцээн, "Ховд Айтис-2019" ОУ-ын харилцаа дууны тэмцээн, "Курес бөх"-ийн барилдаан, Үндэсний хувцас шалгаруулах тэмцээн, Бата ерөөлийн тэмцээн зэрэг арга хэмжээнүүдийг хөтөлбөрийн дагуу зохион байгуулж байна.




Сэтгэгдэл ( 0)