ЖАРГАЛАНТ СУМЫН ГАЗАР ТАРИАЛАН ЭРХЛЭГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

  Хаврын тариалалт эхэлж байгаатай холбогдуулан Жаргалант сумын ЗДТГ-аас газар тариалан эрхлэгчдийн зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Тариалан эрхлэгчдийг дэмжих, аймаг орон нутгийнхаа ард иргэдийг эрүүл аюулгүй хүнсний ногоо, жимсээр хангах зорилгоор 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа дээрх зөвлөгөөнд 70 орчим газар тариалан эрхлэгчид оролцож байна.
Зөвлөгөөнөөр газар тариалангийн чиглэлээр 2018 онд хийсэн ажлын товч тайланг хүргэж, тариалангийн саруудын цаг агаарын урьдчилсан мэдээ, сум хөгжүүлэх сангаас тариаланчдийг дэмжих чиглэлээр тусгагдсан зээлийн мэдээлэлийг хүргэн ажиллаа.



Жаргалант сумын сум хөгжүүлэх сангаас 2017 онд 37 газар тариалан эрхлэгчдэд 37 сая төгрөг, 2018 онд 7 газар тариалан эрхлэгчдэд 7 сая төгрөгийн зээлийг олгосон байна.
Энэ жил зээлдүүдэгчдийн тоог нэмэх бодлого баримтлан ажиллах зорилт тавьж 50 орчим тариаланчдад 50 сая төгрөг олгохоор болоод байна.
Энэхүү дэмжлэг нь тариаланчдийн хувьд санхүүгийн чухал хөшүүрэг болдог хэдий ч санхүүжилт нь оройтож ирдэг учир үр ашиг муутай байна гэдгийг тариаланчид онцлож байна.



Ногоочдын хувьд хаврын тариалалтаа 4 дүгээр сарын 01-нээс эхлүүлдэг байна. Өөрөөр хэлбэл: 4 дүгээр сарын 01-нээс эхлэн үрсэлгээ хийж, 4 дүгээр сарын 15-наас эхлэн тариалалтаа эхлүүлдэг учир санхүүжилтийг эрт авах шаардлага гардаг байна.
Учир нь 6 дугаар сарын 15-наас эхлэн эрт ургацын ногоо худалдаанд хэдийн гарчихдаг учир 5 сард олгогдоод байгаа сум хөгжүүлэх сангийн зээл эзэндээ оройтож ирдэг гэлээ.
Иймд сумын удирдлагууд санхүүжилтийн хугацаанд онцгойлон анхаарч үйл ажиллагааныхаа чиглэлд аль болох эрт тусгах хэрэгтэй байгааг тариаланчдийн зүгээс анхаарууллаа.



Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)