ИДЭРЧҮҮДИЙН ВОЛЕЙБОЛЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ЭРЭГТЭЙ ЭМЭГТЭЙ 31 БАГИЙН 300 ГАРУЙ ТАМИРЧИД 90 БАГЦ МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨЖ БАЙНА

  1970 оны Болгар улсад зохиогдсон волейболын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тоглогч Монгол улсын шигшээ багийн тамирчин Олон улсын хэмжээний мастер домогт волейболчин С. Кенесханы нэрэмжит “ Ховд-2019” нэрийн дор зохион байгуулагдаж байгаа Идэрчүүдийн волейболын улсын аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй эмэгтэй 31 багийн 300 гаруй тамирчид 90 багц медалийн төлөө өрсөлдөж байна. Тэмцээн Ховд аймгийн БТСГ болон ХИС-ийн спорт зааланд 04 дүгээр сарын 02-ноос 04 дүгээр сарын 9-ний өдрүүдэд нэг өдөр 6-8 тоглолт явагдах зарчимаар тоглолтоо хийх юм байна. Шүүгчдээр Ховд аймгийн харъяат МУ-ын волейболын спортын мастер А. Доржоор ахлуулсан Монголын волейболын холбооны 12 шүүгч ажиллаж байна. 


  Идэрчүүдийн волейболын улсын аварга шалгаруулах тэмцээнд төвийн бүсээс Улаанбаатар хотын Баянгол дүүрэг, Хан уул дүүрэг, Уурхайчин, Баруун бүсээс Говь-Алтай, Баян-Өлгий, Завхан, Ховд аймаг , Зүүн бүсээс Хэнтий, Дорнод, Говьсүмбэр, Говийн бүсээс Дорнод, Өмнөговь, Хангайн бүсээс Архангай зэрэг аймгуудыг төлөөлсөн баг тамирчид оролцож байна. Идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн анх удаагаа Ховд аймагт зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой юм. 2018 онд Идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Хэнтий аймагт зохион байгуулагдаж Ховд аймгийн баг тамирчид шигшээ 8-д шалгарч байсан бол өсвөрийн улсын аваргад шигшээ 4-д шалгаран үлдэж байжээ.


  Олон улсын хэмжээний мастер С. Кенесхан нь 1968 оноос волейболын спортод хүч түрэн орж ирсэн шилдэг тамирчдын нэг бөгөөд МУ-ын шигшээ багийн тамирчнаар 1970 онд дэлхийн аварга шалгаруулах волейболын тэмцээнд улсаа төлөөлөн оролцож 16-р байрт Монгол улс бичигдэж байсан түүхтэй. Олон улсын хэмжээний мастер домогт волейболчин С. Кенесханы тухай гайхалтай түүх олон бий. Тэрээр баруун гараараа волейболын бөмбөг хага цохьдог, баруун гарын хүч ихтэй тамирчин байсан учир түүний баруун гарын цохилтыг хорьж зүүн гараараа волейбол тоглохоос өөр аргагүйд хүрч байсан гэдэг.



Ховд аймаг нь 1970-1980 оны хооронд волейболын спортоор улсдаа алдаршиж, олон арван нэрт тамирчид төрөн гарч, бахдам амжилтыг ар араасаа дагуулсаар ирсэн байдаг. Гэвч сүүлийн жилүүдэд волейболын спортоор төдийлөн амжилт үзүүлэх нь багасаж хамгийн сүүлд буюу 2001 онд волейболын спортын мастер Д. Баярболд багш, дасгалжуулагчтай эмэгтэй баг тамирчид Улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан байна. Түүнээс хойш 18 жил өнгөрөөд байгаа юм. Жилээс жилд цар хүрээгээ тэлж мэргэжлийн спорт болтлоо хөгжсөн волейболын спортыг орон нутагт түгээн дэлгэрүүлэх, шилдэг баг тамирчдыг бэлтгэх үүднээс Ховд аймгийн Засаг даргын баталсан “Аваргууд” хөтөлбөрийн хүрээнд 11 төрлөөр шигшээ багийн тамирчдыг бэлтгэснээр олон төрөлт спорт жигд хөгжих боломж бүрдээд байна.
Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)