32 ЖИЛ ТАСРААД БАЙСАН АЛТАН МЕДАЛЫГ ХОВДЫН ОХИДУУД ДАХИН АВЧИРЛАА

  МУ-ын шигшээ багийн тамирчин, ОУ-ын хэмжээний мастер, домогт волейболчин Х.Кенесханы нэрэмжит Ховд-2019 идэрчүүдийн улсын аварга шалгаруулах волейболын тэмцээн 7 өдрийн турш зохион байгуулагдаж энэ сарын 09-ны өдөр хаалтаа хийлээ. Уг тэмцээнд 31 багийн 400 орчим тамирчид, багш дасгалжуулагч нарын хамтаар оролцож хурд хүч авхаалж самбаагаа сорьлоо.
Тэмцээний эрэгтэй гутгаар байрыг Говь-Алтай аймгийн баг тамирчид, дэд байрыг Уурхайчин багийн тамирчид, аваргын алтан медалыг Баян гол дүүргийн баг тамирчид эзэлсэн бол эмэгтэй гутгаар байрыг Хилчин багийн тамирчид, дэд байрыг Хэнтий аймгийн тамирчид, аваргын алтан медалыг Ховд аймгийн баг тамирчид хүртэж шагналаа гардан авлаа.





Шагналыг УИХ-ын гишүүн, Ховд аймгийн Волейболын холбооны тэргүүн С.Бямбацогт, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, ИТХ-ын нарийн бичгийн дарга Б. Сандагсүрэн, аймгийн засаг дарга Б.Дүгэржав, ЗД-ын орлогч Т.Жаргалсайхан, ЗДТГ-ын дарга Д.Энхболд, Улсын шүүгч н.Дорж болон бусад холбогдох хүмүүс гардуулан өгч баяр хүргэлээ.
Долоон өдрийн турш зохион байгуулагдсан уг тэмцээнийг Ховдчууд танхим дүүргэн үзэж хөгжөөн дэмжиж байгааг зочин багийн тамирчид, багш дасгалжуулагчдын зүгээс онцолж Ховдчуудыг спортод элэгтэй ард түмэн гэж үнэлэхэд хүргэж байлаа.
Ховд аймаг сүүлийн 32 жил идэрчүүдийн волейболын улсын аваргаас алтан медаль хүртэж байгаагүй юм байна.
Тэгвэл 20 орчим жил тасраад байсан аваргын алтан медалын буухиаг Ховдын охидууд дахин авч ирж байгаад нутгийн зон олон баяртай байлаа.

Охидын багийг ОУХМ дасгалжуулагч Д.Баярболд, туслах дасгалжуулагч Г.Номин, Г.Хатантуул нар дасгалжуулжээ. Амжилт гаргаж нутаг орныхоо нэрийг өндөрт гаргаж нэгэн зууны түүхийг бүтээсэн багш дасгалжуулагч, тамирчдыг мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа. Тухайлбал: Ховд аймгийн волейболын холбооноос дасгалжуулагч багш нарт 10 сая төгрөг, Мөст цэвэрлэх булаг ХХК охидын баг тамирчдад 5 сая төгрөг, Ховд аймаг дахь Төрийн Аудитын газар 1 сая төгрөг, Монлайн ХХК эрэгтэй эмэгтэй баг тамирчдыг ирэх жилийн улсын аваргад оролцох спортын иж бүрэн хувцас хэрэглэлийг авах эрхийн бичгээр тус тус шагналаа.

Бэлтгэсэн: Н. Таванцэцэг




Сэтгэгдэл ( 0)