"БАЙГАЛЬ ОРЧНОО ХАМГААЛАХАД ИРГЭН ТАНЫ ОРОЛЦОО" СЭДЭВТ ВИДЕО БҮТЭЭЛИЙН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА

  Байгаль орчны багц хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд сурталчлах, хууль сахин мөрдөлтийг дээшлүүлж, аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагаанаас байгаль орчинд учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах, соён гэгээрүүлэх замаар хүрээлэн буй орчин, амьтан, ургамалаа хайрлах сэтгэлтэй иргэн болгон төлөвшүүлэх, тэдний мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн МХГ-аас "Байгаль орчноо хамгаалахад иргэн таны оролцоо" сэдэвт видео бүтээлийн уралдааныг зарлаж дүнгээ гаргалаа.
Аймгийн МХГ, Хаан банкны Ховд дахь салбар, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Алтай соёны бүсийн салбар хамтран зохион байгуулсан дээрх уралдаанд Ховд аймгийн Чандмань, Манхан, Мөнххайрхан сумын ЕБС, аймгийн төвийн Цаст-Алтай, 2, 3, 7-р сургуулиуд болон Гэгээлэг Ховд төсөл, уран бүтээлч н.Мөнхзоригийн бүтээл зэрэг 10 бүтээл өрсөлдсөн байна.

Бүтээлүүдийг байр эзлүүлэн дүгнэхэд 1-р байрыг ЕБ-ын 7-р сургуулийн эко клуб 11 улиас багийн "Эх дэлхий минь яагаад уйлав" видео бүтээл, 2-р байрыг ЕБ-ын 3-р сургуулийн Нахиа эко клубын "Байгаль орчны хууль, хандлагын талаарх" видео бүтээл, 3-р байрыг Ховд аймгийн Мөнххайрхан сумын ЕБ-ын сургуулийн Цаст Гялбаа эко сургуулийн сурагч Б. Бат-Эрдэний "Хоггүй цэвэр орчинд амьдарцгаая" видео бүтээлүүд тус тус эзлэж шагналаа гардан авлаа.
Уралдаанд ирсэн бүтээл бүр өөр өөрийн онцлог шинжтэй, нийгэмд өгөх мессежийн хувьд шинэ соргог анхаарал татахуйц сэдвүүдийг сонгосон байлаа.
Нэн ялангуяа Байгаль орчны багц хууль тогтоомжыг сурталчилсан, уриалсан, сахин мөрдөлтийг нь дээшлүүлсэн, байгаль орчноо хайрлан хамгаалахыг үлгэрлэсэн хэлбэрээр хийгдсэнийг зохион байгуулагчид онцлон сайшааж байсан юм.





Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)