ХОГ ХАЯГДЛЫН ТӨВ ЦЭГИЙГ ЦЭГЦЛЭХ АЖЛЫГ 3 ДАХЬ ЖИЛДЭЭ ХИЙЖ БАЙНА

  Ховд аймгийн төв хогийн цэг буюу Ховдчуудын нэрлэж заншсанаар Хогийн хар нь Ховд хотын 500 гаруй жилийн хог хаягдлыг агуулж байгаа газар юм. Тус газар нь 510 гаруй га талбайг эзэлдэг байна. Гэвч өдрөөс өдөрт хүн ам өсч, хаяагаа тэлж байгаа Ховд хотын хувьд иргэн бүртээ олгох 0,7 га газаргүй болоод байгаа энэ үед 510 га талбайд хог хаягдлын цэг бий болоод байгаа нь харамсалтай юм.
Тиймээс газар нутгийнхаа хэмжээг тэлэх, дахин ашиглаж болох талбай гаргах, хог хаягдлаас салж ногоон байгууламжийг бий болгох, хогийн нэгдсэн цэгийг эмх цэгцтэй зохион байгуулалтанд оруулах зорилгоор Жаргалант сумын ЗДТГ, Хот тохижилтийн алба хамтран хувийн хэвшлийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр хог хаягдлыг отволдож, талбай чөлөөлөх ажлыг 3 дахь жилдээ хийж байна.



Хогийн харын хог хаягдлыг цэвэрлэх, отволдох, нуруулдах ажилд энэ жил 30 сая төгрөгийг Орон нутгийн хөгжлийн сангаас гаргуулан хийж байна. Хамгийн гол нь иргэд, олон нийтийн буруутай үйл ажиллагаа, ухамсаргүй байдлаас болон өмнөх жилүүдийн хийсэн ажлууд үр дүнгээ өгөхгүй байгааг ажлыг зохион байгуулагчдын зүгээс онцгойлон цохон тэмдэглэж байна.
Хойшид хог хаягдлын асуудлыг цэгцлэх тал дээр сум орон нутаг төдийгүй иргэн, айл өрх, албан байгууллага бүр гар биеэр оролцон хотынхоо өнгө үзэмж, цэвэр цэмцгэр, эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө хамтран ажиллах нь чухал байна гэлээ.

Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн


 




Сэтгэгдэл ( 0)