ДАРВИ СУМЫН МАЛЧИД “МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН-МАЛЧДЫН БАЯРАА” ГУРАВ ДАХЬ ЖИЛДЭЭ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ


  Хоньчин баатаруудын өлгий нутаг Ховд аймгийн Дарви сумын малчид “Малчдын зөвлөгөөн-Малчдын баяраа” гурав дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүллээ. Улс, аймаг, сумынхаа аварга малчдын алдар гавъяаг мөнхжүүлэх, залуу малчиддаа мал маллах арга ухаанаа өвлүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор зохион байгууллагддаг тус зөвлөгөөнд Мөрөн, Булган, Дэлгэр, Мөнгөн аяга, Булаг гэсэн 5 багийн 500 орчим малчид оролцсон байна.



Дарви сум нийт 560460 га нутаг дэвсгэртэй. Үүний 493857 га талбай буюу нийт газар нутгийн 88,11 хувийг бэлчээрийн газар нутаг эзэлдэг байна. Тус сум нь 2018 оны жилийн эцсээр 213282 мал тоолуулсан дүн мэдээ байна.
Дарви суманд сүүлийн 2 жил зуншлага тааруу гандуу байснаас мал сүргийн тоо толгой цөөрсөн, малчид зутруухан өвөлжсөн гээд бэрхшээл саад олон байсныг зөвлөгөөний үеэр онцолж байлаа.
Харин энэ жилийн тухайд эрт ногоо гарч байгаль дэлхий дэлэгнэж, мал сүрэг эрт ногоо идэх нөхцөл бүрдсэнд малчид баяртай байна. Жилийн дөрвөн улиралд бэлчээр нүүдлээ харан мал сүргээ даган цаг наргүй хөдөлмөрлөдөг малчдын хувьд сум орон нутгаас нь зохион байгуулж хэвшсэн “Малчдын зөвлөгөөн-Малчдын баяраа” тэсэн ядан хүлээдэг болжээ.
Тус арга хэмжээний хүрээнд малчдыг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулах, спортын олон талт тэмцээн уралдаан зохион байгуулах зэргээр нэгдсэн арга хэмжээнүүдэд малчдыг бүрэн хамруулдаг байна.



Дарви сумаас зохион байгуулж хэвшсэн “Малчдын зөвлөгөөн-Малчдын баяр” –т аймаг орон нутгийн төрийн болон төсөл хөтөлбөрийн байгууллагуудын төлөөлөл урилгаар оролцон МУЗГ, салбар яамнаас баримтлаж байгаа бодлого арга хэмжээний талаар мэдээлэл зөвлөгөө өгч ажиллаа.

Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)