“Нандин өв” бий биелгээний наадам Ховд хотод болж байна

  Монгол улсын соёлын тэргүүний ажилтан, дууч, биелээч, товшуурч, уран оёдолчин, Алтайн урианхайн Ах сумын Оръяас элхэний Бидэрнээн Цэрэндуламын нэрэмжит “Нандин өв” бий биелгээний наадам Ховд аймагт зохион байгуулагдаж байна.
Бий биелгээ уран хатгамал оёдол, урианхайн цацал биелгээ гэсэн 2 төрлөөр явагдаж байна. Тус наадамд 100 гаруй өв тээгчид оролцож байгаа юм.
Урианхай цацал биелгээ зөвхөн гоцлол хэлбэрээр 4-11 нас, 12-20 нас, 20 –иос дээш насны ангилалд явагдаж байгаа бол уран хатгамал оёдол урианхай эмэгтэйн үсний гэр, урианхай эхнэрийн тэрлэгний зах гэсэн ангилалуудаар тус тус зохион байгуулагдаж шилдгүүдээ тодруулна.



Бий билгээний “Нандин өв” наадмын нээлтийн ёслолын үйл ажиллагаа болсны дараагаар тус наадмын нэгдүгээр шат албан ёсоор эхэллээ. Наадамд оролцохоор Улаанбаатар болон Эрдэнэтээс өв тээгчид зорин ирсэн нь наадмын чансааг илтгэж байгаа юм. Өв тээгч Б.Цэрэндулам нь бий биелгээнээс гадна урианхайн ёс заншил, хувцас хэрэглэл, оёдол, хатгамал, уламжлал бий билгээ, уртын болон богинын дуу, товшуур, икэл зэргийг шавь нартаа заан сургаж өвлүүлсээр иржээ.
“Нандин өв” Бий биелгээний нээлтийн үйл ажиллагааны үеэр өөрийн шагласан хувцас хэрэглэл, авсан гавъяа шагналуудынхаа үзэсгэлэнг дэлгэн тавьж үзэгчдэд сонирхууллаа.
Монголчуудын өв эртнээс уламжлан ирсэн бий биелгээг залуу хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх, мартагдаж буй соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх нь чухал асуудал болсоор байгаа энэ үед бий биелгээний наадмыг ач холбогдол өгч зохион байгуулж байгаа нь үр дүнтэй ажил болж чадаж байна. Тус наадмын шилдэг оролцогчдын гала тоглолт энэ сарын 26-ны өдөр ХДТ-д зохион байгуулагдана.
Бэлтгэсэн: Н. Таванцэцэг




Сэтгэгдэл ( 0)