Ховд аймгийн Хөгжил политехник коллежийг 415 суралцагч төгсөж байна

  Ховд аймгийн Хөгжил Политехник коллежийн хамт олон 2018-2019 оны хичээлийн жилийн төгсөлтийн баяраа тэмдэглэж байна.
Энэ хичээлийн жилд Хөгжил Политехник коллежийн мэргэжлийн боловсрол сургалттай 1 жилийн ангийг 23 мэргэжлээр 358 суралцагч, техникийн боловсролын 4 мэргэжлээр 57 суралцагч нийт 415 суралцагч сургуулиа төгсөж байна.
Тус сургуулийн багш суралцагчид энэ хичээлийн жилд ОУ-ын болон улс, бүс, аймгийн чанартай мэргэжлийн ур чадварын уралдаан тэмцээнүүдэд эхний байруудыг эзэлсэн амжилт бүтээл арвинтай жил байсан гэдгийг онцоллоо.

Ховд Хөгжил Политехник коллежийн техникийн боловсролын стандартыг хангасан техникчийн ангиуд болох Малын бага эмч, зоотехникч, хоол үйлдвэрлэл үйлчилгээний техникч-технологич, барилгын техникч гэсэн 4 мэргэжлээр 57 суралцагч техникчийн мэргэжлийн ромбо, дипломтой төгсөж байна.
Мөн барилгын засал чимэглэл, барилгын сантехникч, барилгын цахилгаанчин, хүнд машин механизмын операторич, тогооч, үсчин, нягтлан бодох бүртгэл тооцооны ажилтан, оёмол бүтээгдэхүүний оёдолчин, талх нарийн боов үйлдвэрлэлийн ажилтан, мэргэшсэн жолооч, архивын ажилтан, гоо засалч, зочид буудал зоогийн газрын үйлчилгээний ажилтан, малчин, жимс жимсгэнэ хүнсний ногоо самар боловсруулан даршлагч үйлдвэрлэлийн технологийн ажилтан, барилгын өрөг угсрагч, ойжуулагч, гагнуурчин, хүлэмжийн аж ахуйн фермер, барилгын мужаан, бетон арматурчин, ноос ноолуур боловсруулалтын технологийн ажилтан, хүнсний ногооны фермер гэсэн 23 мэргэжлээр 358 суралцагч төгсөж байна.

Их дээд сургуульд сурахад тухайн оюутан дөрвөн жилийн хугацаанд хамгийн багадаа зөвхөн сургалтын төлбөртөө 4,5 сая төгрөгийг зарцуулдаг боловч төгсөөд ажлын байр олддоггүй нь хамгийн том бэрхшээл болдог. Энэ нь хөдөлмөрийн зах зээлд эдийн засагч, хуульч, багш, орчуулагч нараас илүүтэй эх орондоо үйлдвэрлэл бүтээх мэргэжилтэй ажилтны эрэлт хэрэгцээ шаардлагатай байгааг харуулж байгаа гэж хэлж болно. Тэгвэл орон нутагтаа мэргэжил эзэмшин суралцахдаа ямар нэгэн төлбөр төлөхгүйгээр цалинтай суралцах боломж байгааг энэ жишээнээс харж болох юм.
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн




Сэтгэгдэл ( 0)