”Эх орны хүү” бүжгэн жүжиг нээлтээ хийлээ

  БНМАУ-ын баатар Цэндийн Олзвойн хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ болон Ховд аймгийн Хөгжимт драмын театрын ээлжит шинэ уран бүтээл “Эх орны хүү” бүжгэн жүжгийн нээлт ХДТ-ын өмнөх талбайд боллоо. Нээлтийн арга хэмжээнд аймгийн удирдлагууд болон Манхан сумын засаг дарга, Хатанбаатар Магсаржавын нэрэмжит ЗХ-ний 123-р ангийн бие бүрэлдэхүүн, цэрэг дайчид Хөгжимт Драмын Театрын уран бүтээлчид болон иргэдийн төлөөлөл оролцлоо.



Олзвой баатрын мэндэлсны 105 жилийн ойд зориулан Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Пүрэвгандийн санаачилгаар “Эх орны хүү” бүжгэн жүжгийг Ховд аймгийн ХДТ-ын уран бүтээлчид шинээр найруулан олны хүртээл болгож байна.





Тус бүжгэн жүжгийг 1989 онд “Олзвой баатар” нэртэйгээр бүжиг дэглээч МУСТА н.Батсүрэн багш Ховдын Теартын тайзнаа анх амилуулж байсан билээ. Тэгвэл 30 жилийн дараа буюу 2019 онд тус бүжгэн жүжгийг “Эх орны хүү” нэртэйгээр шинээр дэглэн тавьж байна.

Жүжгийн ерөнхий найруулагчаар Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын ерөнхий бүжиг дэглээч МУСТА С.Алтансэлэм ажилласан байна. Тэгвэл тус жүжиг энэ сарын 20-ны өдөр ХДТ-ын тайзнаа амилж үзэгч олны хүртээл боллоо. Бүжгэн жүжиг энэ сарын 20-21-22-ны өдрүүдэд тоглогдох юм байна.Олзвой баатар нь тэртээ 80 жилийн өмнө Халх голын байлдаанд хөнгөн пулемётын галаар дайсныг хиар цохиж бусад нөхдөө хохиролгүй урагш давших боломжийг бүрэн бүрэлдүүлж байсан гарамгай дайчин, шилдэг тагнуулч байсан юм. Тэрбээр 150 гаруй тулаан тулгаралтанд оролцож байсан ба тэр дундаас арав орчим нь маш хүнд гүйцэтгэхэд бэрх амь сорьсон даалгаварууд байсан юм. Түүний энэ гавьяаг үнэлэн Халх голын дайнд гарамгай гавьяа байгуулсан хөнгөн пулемётчин, тагнуулч Цэндийн Олзвойд Бага хурлын тэргүүлэгчдын 1939 оны 10-р сарын 21 –ны өдрийн 71-р зарлигаар БНМАУ-ын баатар цол, Цусан гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнасан байдаг.
Бэлтгэсэн: Т. Дөлбаяр




Сэтгэгдэл ( 0)