Сутай хайрхан уул байгалийн нөөц газрын таван жилийн менежментийн төлөвлөгөөг боловсруулах хэлэлцүүлэг болжээ

  Ховд Говь-алтай аймгийн заагт орших Сутай хайрхан уул байгалийн нөөц газрын таван жилийн менежментийн төлөвлөгөөг боловсруулах уулзалт хэлэлцүүлэг 06 сарын 28-аас эхлэн хоёр өдрийн турш Ховд аймагт болж өнгөрлөө. Говь-Алтай аймгийн Тонхил, Дарви Ховд аймгийн Цэцэг, Дарви сумдын дунд орших Сутай хайрхан уул нь далайн түвшинээс дээш 4250м өндөрт оршдог. Төрийн тахилгат Сутай хайрхан уулыг Монгол улсын их хурлын хаврын чуулганы хуралдаанаар байгалийн нөөц газрын ангиллаар төрийн тусгай хамгаалалтад авчээ.

Үүнтэй холбогдуулан БОАЖЯ, ТНС олон улсын байгал хамгаалах байгууллага болон Ховд, Говь- Алтай аймгуудын ИТХ болоод ЗДТГ Сутай хайрхан уулыг тойрсон дөрвөн сумын удирдлага хамтран байгалийн нөөц газрын таван жилийн менежментийн төлөвлөгөөг боловсруулах хэлэлцүүлгийг Ховд аймагт зохион байгуулсан байна.

Тус уулзалтын хүрээнд төлөвлөлт хийх газрын хилийн заагийг танилцуулах, хамгаалах үнэт зүйлүүдийг сонгох, биологийн олон янз байдлын өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэх, эрэмбэлэх, хамгаалах үнэт зүйлүүдэд тулгарч буй бэрхшээл, аюулыг тодорхойлох, үнэлэх гэх мэт сэдвээр хэлэлцсэн байна. Байгалийн нөөц газрын менежментийн төлөвлөгөөг боловсруулснаар Сутай хайрхан уулын ан амьтан, онгон дагшин байдлыг хэвээр үлдээх, сүйдэж эко байдал нь алдагдах эрсдэлээс сэргийлж байгалийн унаган төрхийг нь хэвээр үлдээх боломж бүрдэх юм. 

Бэлтгэсэн: Т. Азжаргал




Сэтгэгдэл ( 0)