МУИС болон ХИС хамтран ажиллах гэрээ үзэглэлээ

  Баруун бүсийн ууган их сургууль ХИС-ийн түүхт 40 жилийн ой энэ онд тохиож байна. ХИС-ийн тухайд дотоодын болон гадаадын олон арван их дээд сургуулиудтай хамтын ажиллагаатай байдаг байна. Тэгвэл ойн босгон дээр МУИС-тай хамтран ажиллах гэрээ үзэглэлээ.Гэрээг МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар өөрийн биеэр ирж үзэглэснээрээ онцлог байлаа.
Өмнө нь ч МУИС-тай хамтран ажилласаар ирсэн байна. Энэ удаагийн гэрээг 5 жилийн хугацаатай байгуулж талууд гарын үсгээ баталгаажууллаа. ХИС нь 1993-2004 онуудад МУИС-ийн салбар сургууль байсан. Тэр ч утгаараа МУИС-ийн захиргаа тус сургуулийн ойн баярт ач холбогдол өгч өргөн бүрэлдэхүүнтэй оролцоно гэдгээ энэ үеэр хэлж байлаа.
Гэрээ байгуулснаар дахин хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, багш оюутан солилцох, эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнд МУИС-д докторантурт суралцах, туршлага судлах, мэргэжил дээшлүүлэх, хурал зөвлөгөөнд оролцох зэрэг олон талын ач холбогдолтой гэж үзэж байна. ХИС нь 2004 оноос эхэлж бие даасан магадлан итгэмжлэгдсэн төрийн өмчит сургууль болсон байдаг.
Түүхэн 40 жилийн хугацаанд МУИС-ийг түшиглэж хөгжиж ирсэн гэдгийг ч онцолж байлаа. Гэрээнд эрдэм шинжилгээ судалгааны ажил, сургалтын материаллаг бааз, хөрөнгө санхүү, урлаг спортоор дэмжих гэсэн үндсэн 3 заалтыг тусгаж өгчээ.
ХИС өнөөдрийн байдлаар магистр болон бакалаврын чиглэлээр нийт 13 мэргэжлээр боловсон хүчнийг бэлтгэн гаргаж байна. Жил ирэх тусам өргөжин тэлж боловсролын чанар, багш оюутнуудын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх талаар анхаарч ажиллаж байна гэлээ.
Бэлтгэсэн: Н. Таванцэцэг




Сэтгэгдэл ( 0)