Ногоон гэрэл, цагаан шугам- 2019 тэмцээн боллоо

  Насанд хүрээгүй хүүхдийг зам тээврийн осолд орохоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд зөв боловсон оролцох, замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, дүрмийг биелүүлдэг байх зэрэг дадал хэвшилд сургах зорилготойгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Ногоон гэрэл- Цагаан шугам тэмцээн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр аймгийн спортын ордонд боллоо. Тэмцээнд Ховд аймгийн Жаргалант сумын ЕБ-ын нэгдүгээр сургууль, гуравдугаар сургууль, зургадугаар сургууль гэсэн 3 сургуулийн 3-5-р ангийн 36 сурагч оролцсон юм. Тус тэмцээний шүүгчээр аймгийн БСУГ-ын мэргэжилтэн, улаан загалмайн нийгэмлэгийн төлөөлөл болон Ховд аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч нар ажиллажээ.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Ногоон гэрэл- Цагаан шугам тэмцээнийг Ховд аймаг дахь Цагдаагийн газрын ЗЦТ, Ховд аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Ховд аймгийн БСУГ зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.
Энэ жилийн тэмцээнд Жаргалант сумын ЕБ-ын 3 сургууль  оролцсон байна. Бусад сургуулиуд тэмцээнд оролцоогүй, идэвхи муу, хариуцлагагүй хандсанд учир салбарын байгууллагатай хамтран хуулийн хүрээнд хариуцлага тооцно гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.  Энэ онд  Ховд аймгийн хэмжээнд 10 гаруй хүн зам тээврийн ослын улмаас амь насаа алдаж, 20 гаруй иргэн гэмтэж бэртсэн гэсэн тоон судалгааг мэргэжлийн байгууллагаас гаргажээ. Тэр дундаа насанд хүрээгүй хүүхдүүд зам тээврийн осолд өртөж, амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол их байдаг байна. Тиймээс  ногоон гэрэл-цагаан шугам тэмцээнээр дамжуулан ЕБС-ын сурагчдад замын хөдөлгөөнд оролцох мэдээлэл олгох, дадал хэвшилд сургах  олон талын ач холбогдолтойгоор  тус тэмцээнийг зохион явуулдаг гэдгийг зохион байгуулагчид дурьдаж байлаа.
Бэлтгэсэн: Б. Оюунжаргал




Сэтгэгдэл ( 0)