Баруун бүсийн зуун буудалт даамын нээлттэй тэмцээнд 4 аймгийн 75 тамирчин оролцсон байна

  Тэмцээний нээлтэнд аймгийн ИТХ-ын дарга Г. Пүрэвганди оролцож нийт баг тамирчдад амжилт хүссэн юм. Баруун бүсийн даамын холбоодын салбар зөвлөлүүдийн хамтын үйл ажиллагааг идэвхжүүлэх, даамын спортыг хөгжүүлэх, оролцогчдын хүрээг тэлэх зорилгоор анх 2014 онд Ховд аймагт бүсийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнийг зохион байгуулж Ховд аймгийн баг тамирчид тэргүүлж байсан удаатай. Тэгвэл 5 жилийн дараа дахин Ховд аймагт зуун буудалт даамын нээлттэй тэмцээнийг зохион байгуулаад байгаа нь энэ юм. Энэ удаагийн тэмцээнд Увс аймгаас 12 тамирчин, Баян-Өлгий аймгаас 11 тамирчин, Говь-Алтай аймгаас 4 тамирчин, Ховд аймгаас 30, нийт 75 тамирчин оролцож оюун ухаанаа сорин өрсөлдлөө.





Энэ удаагийн тэмцээн тамирчдын чансааг сорьсон швейцар системээр 9 өргөөр тоглогдлоо. Нэг тамирчин талдаа 30 минутын хугацаатай 3 секундийн бонустайгаар нэг цаг 2 минутын тоглолтыг хийж 80 гаруй хүн зэрэг тоглосон байна. Тэмцээнд оролцогч тамирчдын хамгийн ахмад нь 62 настай бол хамгийн залуу тамирчин 9 настай тамирчин байлаа. Энэ удаагийн тэмцээнд дэлхийн даамын холбооны мастер, дэлхийн даамын холбооны дэд мастер, МУ-ы мастер, дэд мастер, 1,2,3 дугаар зэрэгтэй тамирчид гээд нийт тамирчдын 50 –иас илүү хувийг зэрэг цолтой тамирчид эзлэн оролцож байгаа нь тэмцээний чансаа өндөр болохыг илтгэж байна.



Зуун буудалт даамын бүсийн тэмцээний зохион байгуулалт маш өндөр төвшинд явагдаж байгааг зохион байгуулагчдын зүгээс онцолж байсан. Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр Зөөлөн тэмүүлэл констракшн ХХК хамтран ажилласан байна. Эрэгтэй ангилалд 42, эмэгтэй ангилалд 23 тамирчин оролцож оюун ухаанаа сорьсон тус тэмцээний нэгдсэн дүн гарахад Эрэгтэй төрөлд:
Тэргүүн байрыг Увс аймгийн тамирчин, дэлхийн даамын холбооны мастер Ц. Улаанхүү
Дэд байранд: Ховд аймгийн тамирчин МУ-ын даамын дэд мастер Д. Ням-очир
Гуравдугаар байранд: Увс аймгийн тамирчин МУ-ын даамын дэд мастер Ц. Одонхүү
Тусгай байрт: Баян-өлгий аймгийн тамирчин МУ-ын даамын дэд мастер Б. Нурлан тус тус шалгарсан байна.
Харин эмэгтэйчүүдийн төрөлд:
Тэргүүн байрт: Увс аймгийн тамирчин МУ-ын даамын дэд мастер Б.Тунгалагтамир
Дэд байрт: Даамын спортын 1-р зэрэгтэй, Увс аймгийн тамирчин Г. Туул
Гуравдугаар байрт: Увс аймгийн тамирчин Дэлхийн даамын холбооны дэд мастер Ц. Мягмарсүрэн
Тусгай байрт: Ховд аймгийн тамирчин МУ-ын даамын дэд мастер М. Оюунчимэг нар шалгарч алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо. Тэмцээн зохион байгуулагчдын зүгээс 2020 оны зуун буудалт даамын бүсийн тэмцээнийг зохион явуулах эрх, шижин явах тугийг Баян-Өлгий аймгийн баг тамирчдад энэ үеэр хүлээлгэн өгсөн байна.



Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)