Ардын билэг зүйн, аман зохиолын анхдугаар наадам ховд хотод 2-р сарын 14-ны өдөр болно

  Цахим хэрэглээг нэвтрүүлсэн даяаршиж байгаа нийгэмд, техник технологи хөгжихийн хэрээр хүн бүрийн харилцаа, хэрэглээ өөрчлөгдсөөр байна. Үүний нэг жишээ бол уламжлалт соёл болох аман аялгуу хэл яриа юм. Нэг ёсондоо Монгол улсын олон үндэстэн ястны өөрийнх нь өнгө төрхийг илэрхийлдэг аман аялаг гэх зүйл үгүй болсоор байгаа юм. Иймээс соёлын биет бус өвийн нэгэн хэлбэр аман билэг зүйн давтагдашгүй өвөрмөц, уламжлалт урын санг сурвалжлан илрүүлэх, дэлгэрүүлэх, гоц авьяастныг тодруулах алдаршуулах, соёлын өвийн санд хадгалан хамгаалах зорилгоор аймгийн ИТХ-аас санаачлан Ардын билэг зүйн аман зохиолын анхдугаар наадмыг зохион байгуулах гэж байна. Тус наадмыг зохион байгуулахтай холбогдуулан аймгийн ИТХ-ын даргын А/03 дугаар захирамжаар байгуулагдсан 15 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.



Ховд аймаг бол олон угсаатан үндэстний өлгий нутаг хэмээгддэг. Тиймдээ ч үндэстэн бүрийн өөрийн өнгө төрхийг шингээсэн аман аялгууг иргэд олон нийтэд таниулан сурталчлах хамгийн чухал ажил үүгээр эхэлж байгаад ахмад уран бүтээлчид баяртай байлаа. Ардын билэг зүйн аман зохиолын анхдугаар наадам 2-р сарын 14-ны өдөр Ховд хотноо зохион байгуулагдах юм.
Тус наадамд Монголын олон ястан угсаатны хэл, соёл, ёс заншил, амьдралын хэв маяг, зан үйл, нутгийн аялга, дуудлага, нэрш имжийг тодотгон харуулсан харилцан яриа, өгүүлэмж, уран тод хэллэг,,, ардын дунд түгсэн ардын аман зохиол, түргэн хэллэг, яруу өгүүллэг, хошин яриа зэргийг зохиомжлон жүжигчилсэн тоглолт хийх, Ардын урлаг, аман зохиолын баялаг урын сан, түүхэн цаг үе, ардын билэг авьяастнуудын уран тод хэллэг, сэтгэлгээний яруу тансаг зохиол бүтээл, аман хэллэг, яруу өгүүлэмжээс сурталчлах, ардын билэг зүйг харуулсан өгүүлэмжүүдээр оролцох зэргийг удирдамждаа тусгаж өгчээ.
Ингэхдээ ганцаарчилсан болон хамтлаг төрөлд оролцох боломжтой юм. Үндэстэн ястныхаа түүх өв соёлыг аман аялгуугаар өгүүлэх анхдугаар наадамд оролцох хүсэлтэй иргэд аймгийн ИТХ-ын веб сайт, фэйсбүүк хуудаснаас энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авч болохоос гадна аймгийн ИТХ-ын ажлын албанд өөрийн биеэр ирж бүртгүүлэх боломжтой юм.
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн




Сэтгэгдэл ( 0)