Ховд аймгийн урлаг спортын байгууллагууд унаатай боллоо

  Ховд аймгийн Засаг дарга, ЗДТГ-аас Урлаг, спортын байгууллагын үйл ажиллагааг дэмжих ажлын хүрээнд Хөгжимт драмын театр, Биеийн тамир спортын газарт автобус хүлээлгэн өглөө. Энэ жил Ховд аймгийн ХДТ-ын түүхт 70 жилийн ой тохионо. Түүхэн ойн босгон дээр аймаг, орон нутгийн дэмжлэгтэйгээр 45 хүний суудалтай автобусаа хүлээн авлаа.



Ховд аймгийн баг тамирчид аймаг, бүс, улсын аварга шалгаруулах тэмцээн уралдаанд оролцоход мөн л унааны асуудал хүндрэлтэй байсан. Тиймээс өөрийн гэсэн унаатай болгож өгөх асуудлыг аймаг орон нутагтаа удаа дараа тавьж байжээ. Хол замд тамирчдыг ядраахгүйгээр , тав тухтай, хурдан шуурхай унаагаар хангах зорилго ийнхүү биеллээ оллоо. Ховд аймгийн БТСГ-ын хамт олонд энэ үеэр 24 хүний суудалтай дунд оврын автобусыг хүлээлгэн өглөө. Хөдөө орон нутаг сум баг, баригад, бусад аймаг, улс болон олон улсын чанартай тэмцээн уралдаанд улс аймгаа төлөөлөн оролцдог урлаг спортын байгууллагууд ийнхүү олон жил ярьсаар байсан унааныхаа асуудлыг шийдвэрлүүлж чадлаа.



Урлаг спортын байгууллагуудад унаа хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд Аймгийн ИТХ-ын дарга Г. Пүрэвганди, Засаг дарга Б. Дүгэржав, ЗДТГ-ын дарга Д. Энхболд болон хэлтэс агентлагийн удирдлагууд оролцлоо. Мөн энэ үеэр БТСГ-ын хамт олон "COVID-19"-ээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зориулан өгч буй мөнгөн хандиваа аймгийн Засаг дарга, онцгой комиссын дарга Б.Дүгэржавд гардуулан өглөө.
Бэлтгэсэн: Админ-Эссэ
 




Сэтгэгдэл ( 1)
Зочин

2020 оны 04 сарын 10-нд

👍👍👍