“Ховд -2020” өртөөт марафон спорт арга хэмжээ зохион байгуулагдлаа

  Биеийн тамирын спортын улсын хорооны даргын 2020 оны А/36 дугаар тушаалаар батлагдсан Өртөөт марафон-2020 нийтийн биеийн тамирын спортын нэгдсэн арга хэмжээ Ховд аймагт зохион байгуулагдаж байна.


Тус спорт арга хэмжээ нь дөрвөн бүс нутагт зохион байгуулагдаж байгаа ба Сэлэнгэ, Дорноговь, Багануур зэрэг газруудад зохион байгуулагдсан бол анх удаа баруун бүс тэр дундаа Ховд аймагт ийнхүү зохион байгуулагдлаа.
Энэхүү арга хэмжээг Монгол улсын засгийн газрын тохируулагч агентлаг, Биеийн тамир спортын улсын хорооны мэргэжлийн тамирчдаас бүрдсэн 18 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Ховд аймгийн ЗДТГ, БТСГ, зэвсэгт хүчний 123-р ангийн бие бүрэлдэхүүнтэй хамтран зохион байгуулсан юм.
Өртөөт Марафон-2020 нийтийн спортын тэмцээнд гуч гаруй баг оролцлоо. Тус спорт арга хэмжээ нь 21-35 нас, 36-50 нас гэсэн хоёр насны ангилалд 3 км, 5 км зайд спорт сонирхогч иргэд, спортоор хичээллэдэг албан байгууллага, АА нэгжийн төлөөллийн баг тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна.





Эрчимтэй хөдөлгөөн эрүүл амьдралын үндэс уриатай Өртөөт марафон спорт арга хэмжээний хүрээнд Үнэгүй питннес ТББ-ын багш дасгалжуулагчид Ховд аймгийн ард иргэдэд эрүүл хөдөлгөөнтэй байхын ач холбогдлыг сурталчлан таниулах ажлыг зохион байгуулжээ. Үнэгүй питннес ТББ-ын өглөөний идэвхтэй дасгал хөдөлгөөн арга хэмжээнд 600 гаруй хүн хамрагдсан бол оройны арга хэмжээнд биеийн тамир спортоор хичээллэдэг 400 орчим иргэд оролцсон байна. Ховд аймгийн ард иргэд бол тогтмол биеийн тамир, дасгал хөдөлгөөнөөр хичээллэдэг спортлог ард түмэн байна гэж зохион байгуулагчид онцолсон юм. Дээрх арга хэмжээ “Эрчимтэй хөдөлгөөн эрүүл амьдралын үндэс” уриатайгаар зохион байгуулагдаж байна.



Бэлтгэсэн: Б. Оюунжаргал




Сэтгэгдэл ( 0)