Хүүхдийн эрхийн байцаагч нар уяачид хүүхдийн эрх зөрчсөн байж болзошгүй 2 тохиолдол илрүүлж шалгаж тодруулах ажиллагаа явуулж байна

  Ховд аймагт зохион байгуулагдаж буй Монголын Морин спорт уяачдын холбооны 25 жил, Гиннесийн уралдааны 8 жилийн ойн хурдан морины уралдаан 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын нутаг “Цалуугийн дэнж” хэмээх газарт эхэллээ. 2021 оны 08 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд болох тус уралдаанд оролцохоор 561 хүүхэд цахим бүртгэлд хамрагдсан байна. Энэ өдөр эрлийз дээд насанд 68 морь, эрлийз дунд насанд 63, эрлийз бага насанд 43 нийт 174 хурдан хүлэг шандас сорьж уралдлаа. Уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг хүлээсэн хурдан морины уралдаан зохион байгуулах аймгийн салбар комисс, Алтайн унага морин спорт уяачдын холбоо, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, МХГ, Зооноз өвчин судлалын төв, БОЭТ, Мал эмнэлгийн газар, Ховд, Увс, Баян Өлгий аймгуудын Цагдаагийн газар зэрэг байгууллагууд халдвар хамгааллын дэглэм сахиулж, хурдан морь унаж уралдах хүүхдийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдалд хяналт тавьж ажиллав.

Ажиллах явцад стандартын шаардлага хангасан хувцас өмсөөгүй 3 хүүхдэд стандартын хувцсыг өмсгөж, богино долгионы станц, чихэвчийг хэрэглүүлсэн 6 тохиолдол гарсныг хураан авч уяачдад хүлээлгэн өглөө. Стандартын бус ташуур хэрэглэсэн 8 тохиолдол гарлаа. Мөн зориулалтын бус малгай өмссөн 5 хүүхдийн малгайг солиулж уралдаанд оролцууллаа.
Уяачид хүүхдүүдийн хувцас хэрэгслийн бүрэн өмсгөөгүй, хувцас биеийг нь скочоор ороож бэхлэх, шүгэл хэрэглүүлэх, гал асаагуур, нарийн уяа авч явах, урт богино 2 ташууртай байсан зэрэг тохиолдлыг таслан зогсоожээ.
Гарааны төхөөрөмжний бүрэн бүтэн байдал, морьд гараанаас гарах үеийн хяналт хийх явцад уралдааны бариа болон гарааны орчимд 2 хүүхэд мориноос унасан тохиолдол бүртгэгдэж эрүүл мэндийн үзлэгт хамруулж, хүүхдүүд бэртэж гэмтсэн зүйлгүй байсан тул уяач болон эцэг эхчүүдэд хүлээлгэн өгсөн байна.
Хүүхдийн эрхийн байцаагч нар уяачид хүүхдийн эрх зөрчсөн байж болзошгүй 2 тохиолдол илрүүлж шалгаж тодруулах ажиллагаа явуулж байна.


 
Энэ өдрүүдэд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтнээр ахлуулсан баг, ММСУХолбооны ерөнхий нарийн бичгийн дарга зэрэг албаны хүмүүс ажиллаж арга зүйгээр хангаж байгаа бөгөөд Ховд аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Б.Дүгэржав болон тус уралдаан зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнтэй уулзаж хүүхдийн аюулгүй байдлыг хангах зохион байгуулалтанд анхаарах талаар санал бодлоо солилцож ММСУХолбоо хүүхэд хамгааллын талаас тавьсан бүх шаардлагыг хэрэгжүүлж хариуцлагатай ажиллахыг уриаллаа.
Эх сжрвалж: Ховд аймгийн ГБХЗХГ




Сэтгэгдэл ( 0)