Соёлын сайд Ч. Номин Ховд аймгийн соёл урлагийн байгууллагын албан хаагчидтай улзлаа

  Ховд аймагт ажиллаж байгаа Соёлын сайд Ч.Номин өнөөдөр аймгийн Засаг даргын тамгын газарт Соёлын яамны харьяа соёл, урлагийн байгууллагын алба хаагчидтай уулзаж, салбарын бодлого, хууль эрхзүй, хөрөнгө оруулалт, цалин хангамжийн асуудлаар танилцуулга хийж, дэлгэрэнгүй ярилцав.
2023 оны байдлаар аймгийн хэмжээнд орон нутгийн өмчийн 19 соёл, урлагийн байгууллага үйл ажиллагаа явуулдгаас Хөгжимт драмын театрт, аймгийн музей, номын сан, 16 соёлын төвд нийтдээ 194 албан хаагч ажиллаж байна.
 Нийт ажиллагчдын 67 нь театрт, 96 нь соёлын төвд, 13 нь музейд, 18 нь номын санд ажиллаж байна. Урлагийн байгууллагын суудлын тоо 350 бөгөөд 2022 онд 31100 хүнд, музейн 3140 үзмэрийг байнгын болон түр үзэсгэлэнгээр 11390 хүнд хүргэж, номын сангаар 31 мянга гаруй төрлийн үйлчилгээ үзүүлжээ. Харин соёлын төвийн суудлын тоо аймгийн хэмжээнд 4420 бөгөөд 210 гаруй мянган иргэнд урлагийн тоглолт хүргэсэн байна.
2022-2023 оны төсвийн жилд Ховд аймагт хөрөнгө оруулалтын чиглэлээр олон угсаатны театрын барилга, кино театрын барилга баригдахаар 4,4 тэрбум төгрөгийн санхүүжилт тавигдсан юм. Харин орон нутгийн зүгээс аймгийн Соёл урлагийн газрыг өөрийн байртай болгох, соёлын төвүүдийн номын сангийн тохижилт хийх, сумын соёлын төвүүдэд шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх, аймгийн музейн барилгын засвар хийх, цалингийн санг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэхийг хүсэж байгаагаа Соёлын сайдад уламжлалаа.

Соёлын сайд уулзалтын үеэр соёл урлагийн салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн бөгөөд цалин, урамшууллыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэхийн тулд Соёлын тухай хуульд өөрчлөлт оруулж, дагалдан гарах журмуудыг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Сангийн сайд нартай хамтарсан тушаал гаргаж, энэ ондоо багтаан үе шаттай нэмэгдүүлнэ гэлээ.
Тухайлбал: Өнөөдрийн байдлаар соёлын салбарын албан хаагчийн нэг сарын дундаж цалин хөлс 2021 онд 747 мянга байсан бол 2022 онд 808 мянга, 2023 онд 848 мянга болж нэмэгдсэн нь Засгийн газрын газраас цалингийн зэрэглэл бүрийг 5 шатлалд хүргэж нэмэгдүүлсэн, төрийн алба хаасны хугацааны нэмэгдэл хөлсийг тооцох журмыг шинэчлэн мөрдсөнтэй холбоотой гэлээ. Харин энэ онд багтан соёлын салбарын ажилтны зэрэг дэв, мэргэшлийн зэргийн нэмэгдлийг, орон нутагт соёл урлагийн салбарт тогтвор суурьшилтай 5-аас дээш жил тасралтгүй ажилласан албан хаагчдад 6 сарын тэтгэмжийг олгоно гэв. Мөн соёлын салбарын ажилтнууд бусад эх үүсвэрээс цалин хөлсөө нэмэгдүүлэх боломжтой болж байгаа талаар мэдээлэл өгөв.
Соёл урлагийн байгууллага нь нэмэлт орлогын 60 хүртэл хувийг албан хаагчдын цалин хөлсөнд, үр дүнд суурилсан урамшууллын 30 хувийг албан хаагчийн урамшуулалд зарцуулах хууль эрх зүйн боломжтой болж байгаа юм. Улмаар соёлын төвүүдийн чадавхыг нэмэгдүүлж, байнгын үйл ажиллагаатай, Төрөөс соёлын талаар баримтлах бодлогыг орон нутагт тэгш хүртээмжтэй тулд Сангийн сайдтай хамтран Соёлын төв, соёлын ордны орчин ба үйлчилгээнд тавигдах ерөнхий стандартыг баталсан талаар хэллээ.
Стандарт шинэчлэгдсэнээр соёлын мэргэшлийн ажилтны нөөцийг нэмэгдүүлэх, соёлын төвийн ордон доод тал нь 8 хүний орон тоотой байх зэрэг өөрчлөлт орж, соёлын төвүүд байнгын уран бүтээл туурвих боломжтой, тэр хэрээр үзэгчтэй давсан орлогоо зарцуулах боломж бүрдэх юм.
Эх сурвалж: Соёлын яамны цахим хуудас




Сэтгэгдэл ( 0)