“ҮНДЭСНИЙ ӨВ СОЁЛ” ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТ БОЛЛОО

  Ховд аймгийн Музей нь сан хөмрөгөө жил бүр улам бүр баяжуулж, үзмэр дурсгалт зүйлсээ эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэнд оруулж, иргэд олон нийтэд сурталчлах ажлыг нээлттэй зохион байгуулдаг соёл, боловсролын байгууллага юм. Тэгвэл 2017-2018 онд Музейн сан хөмрөгт шинээр нэмэгдсэн үзмэрүүд, музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа үзмэр болон ард иргэдийн гар дээр хадгалагдаж байгаа дурсгалт зүйлсийг танилцуулах, сурталчлах, Музейн үйл ажиллагааг олон нийтэд хүргэх зорилготой “Үндэсний өв соёл” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ. “ Үндэсний өв соёл” үзэсгэлэнд нийт 26 дэсийн 30 гаруй үзмэр дэлгэгдсэн байна. Энэхүү үзэсгэлэнд ард иргэдийн гар дээр хадгалагдаж байсан түүхийн үнэт зүйлс болох 3 янзын товшуур хөгжим, хэт хутганы иж бүрдэл, мөнгөн завъяа аяга зэргийг иргэдээс үнэлэн авч музейн сан хөмрөгт бүртгэж авсан байна.


\


Ховд аймгийн музей нь ард иргэдэд хадгалагдаж байгаа түүхийн үнэт дурсгал болсон үзмэрүүдийг тухайн жилийн төлөвлөгөөндөө тусган иргэдээс худалдан авдаг байна. Иймд иргэн таны гэрт хадгалагдаж байгаа түүхийн дурсгалт үзмэр байвал аймгийн музейд хандах боломжтой юм. Тус үзэсгэлэн энэ сарын 25-аас 3-р сарын 1-ны өдрүүдэд 5 хоногийн хугацаанд аймгийн Музейн монгол ахуйн танхимд болох тул эрхэм Ховдчууд та бүхнийг Монголын уламжлалт өв соёл, түүхийн бүтээлүүдийг үзэж сонирхохыг урьж байна.
Бэлтгэсэн: Д. Лхагвацэрэн




Сэтгэгдэл ( 0)