НАЦАГИЙН ЦОЛМОН НАЙР ТАВЬЖ ШАГНАЛ ГОРЬЛООГҮЙ

  Хөгжмийн зохиолч Нацагийн Цолмонг урлаг соёлын салбарынхан андахгүй сайн мэднэ. Яагаад гэж зарим хүмүүс дотроо бодож суугаа байх. Алганд нь авъяас нь багтаж ядан, дуу хөгжим, хөг аялгуугаар өөрийгөө цэнэглэж, сэтгэл зүрхээ зэвсэглэж яваа энэ хүмүүн Ховд аймгийн Зэрэг суманд төрж өссөн.
Өнөөдрийг хүртэл Монголын баруун хязгаар Ховдын Театрт урлаг соёлын үрийг тарьсаар явна. Анх харсан хүн сүрдмээр, гэзэг үс нь шанаагаа даган ургасан өвөрмөц төрхтэй нэгэн билээ. Энэ нь ч түүний авъяасыг илтгэж байгаа мэт. Тэрээр “Салж эгээрэх хорвоо” “Нутаг амьтай аав” “Дэндүү дүүмэдхэн” “Аясаар болдоггүй хорвоо”,“Дэглий цагаан уул” “Ээжийгээ би бодлоо доо” “Зүрх сэтгэлийн дуулал” гэх мэт Монголын ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон олон арван дуунд хөг аялгуу зохиосон ийм нэгэн гоц авъяастан ард түмнийхээ дунд жирийн нэгэн амьдралаар амьдарч явна.
Монголын ард түмэн дуунд нь дэндүү хайртай тиймдээ ч хүн бүр дуу бүрийг нь аялгуулан дуулж явна.
Хүн бүхэнд заяагаад байдаггүй ховорхон авъяасыг эцэг эхээсээ өвлөн төрсөн азтай хүн юм. Тиймдээ ч “ Орчлонд би азтай төржээ” хэмээн бахархан хэлэх дуртай ажээ.
Хөгжмийн урлагийг ойлгож, түүндээ чин сэтгэлээ өгч, дотоод мөн чанараа хөг аялгуугаар илэрхийлэн гаргаж хөгжмийн урлагтай хувь заяагаа холбосон хүмүүн билээ.
Урлаг хатуу, хүнийг жинхэнэ утгаар нь хүмүүжүүлж төлөвшүүлдэг гэдэг. Тэгвэл Нацагийн хүү Цолмон аль хэдийн төлөвшсөн нэгэн. Хэзээ ч уран бүтээлдээ бардаж, өөрийгөө өрөөлөөс дээгүүрт тавьж, хийрхэж, хэгжүүрхэж явсныг нь харсангүй.
Түмэн олныхоо дунд дэндүү даруухан амьдарч явна. Ард түмэн нүдтэй гэдэг үнэн юм. Түүнд аль хэдийн “Гавъяат” хэмээх цолыг өгчихөөд байна.
Харин төр засгийн хишиг энэ хүнд ирэхгүй байгаад сэтгэл дундуур явдагаа нуух юун. Гавъяатын дайтай хэрнээ ганц ч үг дуугарч шагнал горьлож үзээгүй хүн юм.
Хэрэв энэ хүнд гавъяат цол өгчихвөл жинхэнэ нүдээ олсон шагнал болох гээд л байгаа юм. Төрийн шагнал эзнээ олж, Түмэн олонд үнэлэгдээсэй. Санасан нэг нь санаагаа гүйцэлдүүлж шагнал хүртдэг болсныг энэ нийгмээс л харж байна. Ирж буцахын хорвоод эгэлгүй баатруудаа л алдаршуулъя... За тэгээд ард түмэн дүгнэнэ буй заа...
Н. Таванцэцэг




Сэтгэгдэл ( 0)