Бугат багийн ӨЭМТ-ийн шинэ барилга ашиглалтанд орлоо

  Бугат багийн өрхийн эрүүл мэндийн төвийн шинэ барилга энэ өдөр ашиглалтанд орж нээлтийн тууз хайчиллаа. Тус барилга нь орчин үеийн дэвшилтэд технологид нийцсэн эмнэлэгийн үйлчилгээ явуулах стандарт шаардлага хангасан төдийгүй тоног төхөөрөмж, материаллаг баазаар хангагдсанд эмч мэргэжилтнүүд баяртай байгаагаа илэрхийллээ. Хөшөөт хөгжил сангийн 166 сая төгрөгийн төсөвт өртгөөр Динатос ХХК тус барилгын ажлыг гүйцэтгэжээ. Шинэ барилга ашиглалтанд орсноор эмч мэргэжилтнүүд цэвэрхэн тохилог орчинд ажиллахаас гадна тус өрхийн эмнэлэгээр үйлчлүүлдэг Бугат, Хайрхан, Тахилт, Алагтолгой багийн 7684 иргэн эмнэлэгийн анхан шатны тусламж үйлчилгээг түргэн шуурхай, тэгш хүртээмжтэйгээр авах бүрэн боломж бүрдэж байна. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн удирдлагууд оролцож эрүүл мэндийн салбарын анхан шатны нэгж болох өрхийн эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлж байгаа ажил, томоохон хөтөлбөрийн талаар танилцууллаа.



  Тус багт шинэ эмнэлэгийн барилга ашиглалтанд орсноор ард иргэдийн хувьд томоохон боломж бүрдэж байна гэж үзэж байна. 1999 онд эрүүл мэндийн сайдын 149-р тоот тушаалын дагуу 2001 оны 01-р сараас эхлэн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр баруун бүс Ховд аймагт 5 өрхийн эмнэлэг нөхөрлөл хэлбэрээр байгуулагдсны нэг нь одоогийн Бугат өрхийн эрүүл мэндийн төв юм. Жил ирэх тусам хүн амын тоо өсөн нэмэгдэж, шилжих хөдөлгөөн бий болж, ард иргэд төв суурин газрыг бараадах болсонтой холбогдуулан энэ хэрээрээ эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг хүргэн ажилладаг өрхийн эрүүл мэндийн төвийн ачаалал ихсэж, ажлын байрны орон тоо, тоног төхөөрөмж, эмнэлгийн орчинд шаардагдах материаллаг баазын хэрэгцээ шаардлага ч бий болж эхэлсэн. Тэгвэл аймаг орон нутгийн зүгээс цаашид өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагааг дэмжиж ард иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг ойртуулах боломжийг бүрдүүлэн ажиллахад анхаарна гэлээ.





Бэлтгэсэн: Н. Таванцэцэг




Сэтгэгдэл ( 0)