Мянгад сумын соёлын төвийг МУГЖ , алдарт лимбэчин М. Бадамын нэрэмжит болголоо

  Ховд аймгийн Мянгад сумын соёлын төв нь 1931 онд Улаан нэртэйгээр анхны сууриа тавьсан байна. Улмаар түүхэн хөгжлийн явцдаа нэр нь өөрчлөгдсөөр 2005 оноос албан ёсоор соёлын төв хэмээн нэрлэгдэж үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Тэгвэл тус сумын соёлын төвийг МУГЖ, алдарт лимбэчин Магсаржавын Бадамын нэрэмжит болгож ёслолын тууз хайчиллаа. Нэрэмжит болгох хүндэтгэлийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Даваадорж болон сум орон нутгийн удирдлагууд, нутгийн иргэд, түүний үр хүүхэд, ач зээ, шавь нар нь оролцож хүндэтгэл үзүүллээ.





МУГЖ, алдарт лимбэчин Магсаржавын Бадам нь 1950 онд Ховд аймгийн Мянгад сумын нутаг “Алтайн эх” гэдэг газар төржээ. Тэрээр 4-р ангиа төгсөөд МУГЖ Л.Цэрэндоржид шавиар орсноор лимбэ хөгжмийн урлагт хөл тавьжээ.Тэрээр монголын урлаг соёлын салбарт, тэр дундаа лимбэ хөгжмийг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд багачуудад зааж сургах, залуу хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээхэд чухал үүрэг гүйцэтгэсэн төдийгүй дэлхийн 20 гаруй оронд лимбэ хөгжмийн гоцлолуудыг тоглож байсан урлаг соёлын нэрт зүтгэлтэн юм.



МУГЖ алдарт лимбэчин Магсаржавын Бадам нь өөрийн багш үхэр хүү Л.Цэрэндоржтой хамтран лимбэний анхны сурах бичгийг бичжээ. Мөн түүнчлэн лимбэний битүү цагирган амьсгааг юнискод бүртгүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан хүн юм . Монгол оронд төдийгүй Буриад, Халимаг, Тува гэх мэт улсын лимбэний сургалт МУГЖ, алдарт лимбэчин Магсаржавын Бадамын бий болгосон дэг жаягаар хөгжиж байгааг түүний үр хүүхдүүд энэ үеэр онцолж байлаа. Соёлын төвийг нэрэмжит болгосон явдал нь эзнээ олсон бодит ажил болж чадаж байгааг нутгийн иргэд хэлж байна.





Энэ онд Ховд аймгийн Дарви, Манхан сумдын соёлын төвийг нэрэмжит болгожээ. Тэгвэл нэрэмжит болж байгаа 3 дахь соёлын төвөөр Мянгад сумын соёлын төв нэрлэгдэж байна. Цаашид тус соёлын төвийн үйл ажиллагааг бүхий л талаар дэмжиж хамтарч ажиллана гэж түүний охин Б.Болормаа энэ үеэр хэллээ.



Бэлтгэсэн: Н. Таванцэцэг




Сэтгэгдэл ( 0)