Музейн шинэ барилга барихад 6,5 тэрбум төгрөг шаардлагатай


  Олон угсаатны түүх соёл, уламжлал, ахуй, зан заншил гээд ховор нандин соёлын өвүүдийг хадгалан хамгаалж байдаг орон нутгийг судлах музейн үйл ажиллагаатай салбарын сайд биечлэн танилцлаа. Ховд аймгийн Музейн барилга анх 1961 онд МАХН-ын 14 дүгээр их хурлыг угтаж субботникоор 10 хоногт багтаан баригдсан чулуун барилга юм. Анхнаасаа Музейн зориулалтаар баригдаагүй учир уг барилга стандартын бус барилга гэж нэрлэгддэг. 58 жилийн турш олон угсаатны түүх соёлын хосгүй нандин өвийг агуулж, аймаг орон нутгаа сурталчилсаар ирсэн тус барилга цаашид ашиглагдах боломжгүй болсон талаар МХГ-аас 2008, 2012, 2014, 2017 онуудад дүгнэлт гарган акталсан байдаг. Гэвч төсөв санхүүгийн боломжгүй гэх шалтгаанаар өнөөг хүртэл хуучин барилгадаа үйл ажиллагаагаа явуулахаас өөр аргагүйд хүрээд байгаагаа Музейн хамт олон салбарын сайдад энэ үеэр  уламжлалаа.

Модон дээвэр, чулуун ханатай 2 давхар энэ барилгад нийт 3163 гаруй үзмэр хадгалагдаж байна. Ашиглагдах хугацаа нь аль эрт дууссан энэ барилгын дээврээс зуны улиралд дусаал гоожих, элдэв янзын шавьж хорхой музейн үзмэрүүдийг идэж устгах зэргээр олон бэрхшээл тулгардаг байна. Нөгөө талаар стандартын бус эртний чулуун рамтай гар аргаар хийсэн шилэн хорготой учир үзмэрүүдийн хадгалалт хамгаалалт ч муудаж байгааг сайдад уламжиллаа. 2011 оноос хойш аймаг орон нутаг, салбар яамандаа хандан шинэ барилга бариулах хүсэлтээ удаа дараа тавьж байсан ч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй учир цаашид хүндхэн нөхцөл байдалд ороод байгаагаа хэлж байсан. Зураг төсөв нь батлагдчихсан, газрын асуудлаа шийдчихсэн учир 6,5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдээд өгчихвөл 3 давхар стандартын шинэхэн барилгад олон угсаатны хосгүй үнэт соёлын өвийг олон арван жилийн турш хадгалан хамгаалах нөхцөл бүрдэх юм.





2019 оны төсөвт Ховд аймгийн Музейн барилгын санхүүжилт тусгагдаагүй ч 2020 онд төсөвт тусган шийдвэрлэх тал дээр анхааран ажиллахаа салбарын сайд онцоллоо. Жилд дунджаар 5000-6000 хүнд хүрч үйлчилдэг аймгийн түүхийн Музейн барилгын хөрөнгө санхүүг шийдвэрлүүлэх тал дээр салбар яам гэлтгүй орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүд ч санаачлагатай ажиллаж, орон нутгийн зүгээс дэмжих хэрэгтэйг сайд хэлсэн үгэндээ дурдлаа.

Бэлтгэсэн: Админ-Эссэ




Сэтгэгдэл ( 0)